Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын чөлөөт холбоотой хамтран “Ахмадуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Нийслэлийн дүүргүүд болон 21 аймгийн ахмадын байгууллагын удирдлагууд, төлөөлөгчид оролцож байгаа хэлэлцүүлэгээр ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, эрх зүйн асуудал болон ахмад настны тэтгэвэрийн зээл, зээлийн хүүгийн асуудал гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд санал солилцох аж.
Хэлэлцүүлгээс тэтгэвэрийн зээл авагчдын мэдээллийн санг сайтар бүрдүүлж, зээл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох, бичиг баримт, гэрээг ахмад настай хүнд ойлгомжтой байхаар энгийн хялбар, нэг загвартай болгож, зардал, хугацааг багасгах, тэтгэвэрийн зээлийг бүх банкууд олгодог нөхцөл бүрдүүлж өрсөлдөөн бий болгох зэрэг асуудлуудыг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Тэрээр, өнгөрсөн хоёр жилд үнэ тогтворжуулах, төрийн хүнд суртлыг арилгах болон бүтээн байгуулалтын чиглэлээр хийсэн ажлуудаа тоймлон танилцуулж, тус хэлэлцүүлгээсахмадуудын нийгмийн хамгааллын чиглэлээр гарсан санал санаачилгыг тусган Засгийн газрын хэмжээнд эрх зүйн баримт бичиг болгох, цаашлаад хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боломжтой" гэлээ.