Өнгөрсөн долоо хоногт iPhone утасныхаа шинэчилсэн загвар буюу iPhone 6, iPhone 6 Plus утаснуудаа танилцуулж, гуравхан хоногийн дотор 10-аад сая ухаалаг утас худалдсан амжилтаараа технологийн ертөнцөд дахин нэг цахиур хагалсан “Apple” компани тун хачирхалтай долоо хоногийг үдэж байна. Шинэ бүтээгдэхүүнүүд нь хэчнээн чамин, гоё болсон талаарх мэдээлэлтэй зэрэгцэн урьд урьдынхаас илүү нимгэн, өргөн болсон iPhone 6 халаасанд хийхээр нугарч, эвхэрч байна гэсэн гомдол үйлчлүүлэгчдээс иржээ. Утасны гадрыг сайжруулсан хөнгөн цагаанаар бүрсэн нь ийм асуудал үүсгэж буй бололтой. Цахим сүлжээнд өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд энэ тухай хэдэн мянган коммент, зураг, бичлэг нийтлэгджээ.
Харин “Apple” компани энэ талаар одоогоор мэдээлэл хийгээгүй байна. Компанийн мэргэжилтнүүд хэргийг шалгаж байгаа аж.