II төрөх эмнэлэгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй байгаад бухимдан эмч, ажилчид Улаанбаатар их дэлгүүрийн гадаа жагсаал хийлээ.
Тус эмнэлэгийн халаалт сүүлийн хоёр жил ихээхэн доголдох болсон бөгөөд энэ нь ойр орчинд нь баригдаж байгаа өндөр барилгуудаас үүдсэн хэмээн үзэж байна.
II төрөх эмнэлгийн Тасгийн эрхлэгч Б.Гантөгс: “Эмнэлгийн эргэн тойронд шинэ барилга олноор нэмэгдэж байгаа нь төрөхийн халаалтыг эрс муутгасан бөгөөд өнгөрсөн жил л гэхэд бараг халаалтгүй өвөлжсөн. Иймд энэ жил халаалтын асуудлыг шийдэхгүй бол эх, хүүхэд эсэн мэнд амаржихад хүндрэлтэй байна” гэв.
Харин эмнэлгийн халаалтыг сайжруулахын тулд "Улаанбаатар" их дэлгүүрийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд дулааны худаг ухуулж, төвийн шугамнаас дулаан авах хэрэгтэй байгаа ажээ. Гэтэл "Найрсаг" дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээ эмнэлгийн удирдлагын хүсэлтийг хүлээж авахгүй өдийг хүрсэн гэнэ.