Нийслэлийн II амаржих газрын 70 гаруй эмч, ажилтан өчигдөр “Улаанбаатар” их дэлгүүрийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Учир нь эднийх энэ өвөл дулаанаа авч чадахгүй хөлдөхдөө тулаад байгаа аж. Шалтгаан нь II амаржих газрын эргэн тойронд өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн дулаан доголдож, эх, нялхас даарах болжээ. Өнгөрсөн онд төрөх эмнэлгийн халаалт өвлийн оргил ачааллын үед тасалдаж, зүүн жигүүрийн паар нь хөлдөн хагарч зутруухан өвөлжжээ. 50 гаруй жил болсон модон барилгатай, мөөгөнцөртсөн энэ эмнэлэгт эмч, ажилтнууд ажиллаж, эхчүүд төрж байгаа. Энэ тухайгаа хотын удирдлага, Эрүүл мэндийн газарт уламжилсны дагуу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл А/594 дүгээр захирамж гаргаж, амаржих газрын дулааны асуудлыг шийдвэрлэжээ. Ингэхдээ тус газрын гаднах дулааны шугамыг сольж, нэгдүгээр шугам сүлжээнээс дулаан авахыг зөвшөөрсөн байна. Энэ шугам нь “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолын доогуур дайран өнгөрч буй. Тэр хэсэгт шугам сүлжээний ажил хийх гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд татгалзжээ. Иймээс II төрөх эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд өчигдөр эсэргүүцлээ илэрхийлж, төрсөн эхчүүд, хэвтэн эмчлүүлэгсэд, тэдний ар гэрийнхэн нийлсэн 100 гаруй хүний гарын үсэгтэй өргөх бичгийг “Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлагад хүлээлгэн өглөө. Нийслэлийн II амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунханд “Улаанбаатар” их дэлгүүрийн авто зогсоолоор дайран өнгөрөх дулааны шугам нь дэлгүүрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Тус дэлгүүрийн эзэмшлийн газар доогуурх Ф150 мм салаатай худгаас Ф125 мм шугам огтолж, засварын ажил хийхэд дулаан нэвтрүүлэх чадвар хангалттай хүрэлцэнэ гэж тооцсон. Гэтэл “Улаанбаатар”-ынхан үүнийг зөвшөөрөхгүй байна. Аргаа бараад тэдэнтэй зөвлөлдөөд шугам сүлжээг арай холуур татах гэсэн боловч ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тодруулбал, дэлгүүрийн зүүн хаалганаас авто зам хүртэлх талбайг судалж үзэхэд борооны ус зайлуулах ф800 мм шугам, цахилгааны хоёр кабель, замын зүүн талд цахилгааны гурван кабель, ариутгах татуургын ф500 мм шугамууд байрласан тул инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ямар ч боломжгүй юм билээ. “Улаанбаатар” их дэлгүүрийн барилга, эд хөрөнгөд сөргөөр нөлөөлөхгүйгээр эвдэрсэн зам талбайг нь нөхөн сэргээх төсөв хүртэл баталчихаад байхад төрөх эмнэлгийн дулааны шугам сүлжээний ажлыг санаатайгаар олон хоног саатуулж, олон сая төгрөг нэхэж, хугацаа хожих арга сэдсээр байгааг бид эсэргүүцэж байна” гэж ярилаа. Түүнчлэн шугам сүлжээний ажил эхлүүлэхээр очсон компанийн удирдлага, инженерүүдийг удаа дараа хөөн, үг хэлээр доромжилж, төрийн байгууллагынхны шийдвэрийг үл хүндэтгэн, ёс зүйгүй авирласныг эмнэлгийн мэргэжилтнүүд ярьж байв. “Шугам сүлжээ тавих хөрөнгө нь шийдэгдсэн. Гэтэл “Улаанбаатар” их дэлгүүрийнхэн хүнд суртал гаргаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаагаас болоод бид хугацаа алдаж байна. Шугам сүлжээний ажил оройтвол төрөх эмнэнэг маань хөлдөнө. Эхчүүд төрөх газаргүй, олон эх, нярайн эрх зөрчигдөнө. Тиймээс тус дэлгүүрийнхнээс газраа чөлөөлж өгөхийг шаардаж байна” гэж II амаржих газрын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Лхагвасүрэн ярив. Нийслэлийн II амаржих газар 1959 онд байгуулагдсан, улсын ууган төрөх эмнэлгүүдийн нэг. Тус эмнэлэгт жилд 6000 гаруй, өдөрт 30-40 орчим эх амаржиж, 20 гаруй ээж мэс засал хийлгэн, төрж буй. Өдгөө тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 500-1000 грамм жинтэй, дутуу төрсөн 15 нярай эрчимт эмчилгээнд, хийсвэрээр төрсөн 25 эх эмчлүүлж байгааг эмч нар ярьсан. Энэ оны IV улиралд тус эмнэлэгт 3000 гаруй эх төрөхөөр жирэмсний хяналтад байгаа аж. Хэрвээ шугам сүлжээний ажил шийдэгдэхгүй бол эдгээр эх яах вэ, хаана амаржих вэ гэсэн асуудалтай төрөх эмнэлгийнхэн тулгарчээ.
О.БАТ-УНДРАХ