Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нар хамтран энэ сарын 19-21-нд гурван хүнд элэг шилжүүлэн суулгажээ. Энэ нь эх орондоо элгээ солиулсан 14-16 дахь хүн юм. Тэдний нэг нь ой нэг сартай охин байв. Хагалгаанууд амжилттай болж, графикийнхаа дагуу бүгд мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй аж. Элэг шилжүүлэн суулгуулсан бяцхан охины цөсний хүүдий төрөлхийн битүү төрсөн юм байна. Ийм эмгэгтэй хүүхдэд мэс засал хийхгүй л бол цусны урсамтгай чанар нь алдагдсаар тархи нь хүчилтөрөгч, цусан хангамжийн дутагдалд орж, богинохон хугацаанд амьдраад, хорвоог орхидог аж.
Манай улсад ийм эмгэгтэй хүүхдүүдэд ЭХЭМҮТ яаралтай арга хэмжээ авах үүднээс төрөөд удаагүй байхад нь мэс засал хийдэг гэнэ. Тиймээс түүнд нэг сартай байхад нь дээрх хагалгааг хийж, яг жилийн дараа элэг шилжүүлэн суулгасан нь энэ аж. Өдгөө ЭХЭМҮТ-д цөсний төрөлхийн битүүрэлтэй, эхний хагалгаандаа орсон 26-30 хүүхэд хяналтад байна. Эдгээр хүүхэд цөм элэг шилжүүлэн суулгуулах заалттай. Гэхдээ цөсний замын гажиг бүр элэг шилжүүлэн суулгах шаардлагагүйг ЭХЭМҮТ-ийнхөн ярив. Тодруулбал, цөсний гажиг нь элгээ гэмтээгээгүй, өвчний эрт үед нь арга хэмжээ авбал мэс засал хийлгэхгүйгээр анагаах боломжтой аж.
Элэг шилжүүлэн суулгуулсан охины ээж донор нь болсон бөгөөд хагалгааны төлбөрт 50-60 сая төгрөг төлжээ. Монгол Улс 0-18 насны хүүхдүүддээ эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг ч элэг шилжүүлэн суулгахад хэрэглэдэг нэг удаагийн багаж хэрэгсэл, эм урвалж нь өндөр өртөгтэй тул төлбөр авахаас аргагүй байгаа аж. Өмнө нь дөрвөн настай хүүд анх элэг шилжүүлж байсан. Өдгөө түүний бие маш сайн байгаа аж.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан “Асан” эмнэлгийнхэнтэй 2016 он хүртэл хамтарч ажиллана. Эл хугацаанд манай эмч солонгосчуудаас элэг шилжүүлэн суулгах аргыг нь сурч, ийм хагалгааг бие даан хийх зорилт тавиад буй.
О.Бат-Ундрах