Тавантолгойн ордоос Монголын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмших шийдвэр гарснаар “Газрын дорх баялаг ард түмний өмч” гэх Үндсэн хуулийн тулгуур заалт амьдралд бодитоор хэрэгжих суурь бүрдсэн билээ. Энэ жишиг цаашлаад стратегийн 15 орд, түүнийг хариуцсан компаниудад хэрэгжиж, ард түмэн бусад ордод хувьцаа эзэмшиж, баялгаасаа хувь хүртэх сайхан ирээдүйг УИХ хуульчилсан. Гэвч Тавантолгойн хувьцааг иргэд эзэмших шийдвэр гарснаас хойш дөрвөн жил өнгөрлөө. Эхний нэг, хоёр жилдээ “Эрдэнийн хишиг” хэмээн 21000 төгрөгийг иргэд сар бүр аваад сайхан л байлаа. Харин сүүлийн хоёр жил нүүрсний үнэ унаж, экспортын хэмжээ буурсан зэргээс шалтгаалж “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллах нь байтугай үйл ажиллагаа нь доголдсон таагүй мэдээлэл цацагдах болсон. Цаашдаа ард түмэн стратегийн ордод ийм байдлаар хувьцаа эзэмшиж, хувь, хишиг хүртсэн нэртэй байсаар байвал баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах өнөөх сайхан хуулийн заалт гууль болох нь.
Таван жилийн өмнө буюу 2009 оны зургадугаар сард Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулиар Хүний хөгжил сангийн дэргэд стратегийн ордод төрийн мэдлийн хувьцаа эзэмшиж, ногдол ашгийг иргэддээ тэгш хуваарилах зорилго бүхий үндэсний компанийг байгуулахаар хуульчилсан. Үүний дагуу стратегийн орд дахь төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж буй бүх компанийг нэгтгэсэн “Эрдэнэс МГЛ” компанийг байгуулсан. Одоогоор түүний мэдэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100 хувь, Оюутолгойн төрийн мэдлийн 34 хувьд түшиглэсэн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 100 хувь, “Багануур” ХК-ийн төрийн эзэмшлийн 75 хувь, “Шивээ-Овоо” ХК-ийн 90 хувь, “Оюутолгой” ХХК-ийн 34 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын 51 хувь зэрэг стратегийн ордыг эзэмшигч компаниуд бий. Цаашлаад стратегийн үлдсэн ордуудыг хамаарах компаниуд “Эрдэнэс МГЛ”-д нэгдэнэ.
Ирээдүйд Монголын иргэн бүр эдгээрээс хувьцаа эзэмших учиртай. Гэтэл Монгол Улсын иргэн бүрийн ирээд үйн хөрөнгө оруулалт болох эрдэс баялгийг мэдэлдээ нэгтгэсэн төрийн мэдлийн гэх компаниудын эрх зүйн орчин, үйл ажиллагааны цар хүрээ, менежмент нэг л буруу яваад байх шиг. Тэр тусмаа ард түмэнд хувьцаа эзэмшүүлж буй субьект нь хэр оновчтой, үр дүн нь ямар байгааг эргэж нэг хармаар болжээ. Оюутолгой, Тавантолгойн орд л гэхэд төрийн өмчит хоёр “эзний” мэдэлд байдаг. “Тавантолгой”-н ордын толгой компани нь “Эрдэнэс Тавантолгой”. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н толгой компани нь “Эрдэнэс МГЛ”. Оюутолгойн ордын толгой компани нь “Эрдэнэс Оюутолгой” бол түүний “толгой” нь мөн л “Эрдэнэс МГЛ”. Тэгэхээр үүнээс үүдээд нэг асуулт гарч ирээд байгаа юм. Төрийн мэдлийн ордуудад ард түмэн эхний ээлжинд хувьцаа эзэмшиж баялгийн үр шимийг адил тэгш хүртэх л юм чинь “Эрдэнэс Тавантолгой”-д 1072, “Эрдэнэс Оюутолгой”-д мөн энэ тооны, бусад ордод 1000-2000 хувьцаа эзэмшинэ гэж байхаар бүгдийг нь нэгтгээд хамгийн том “толгой” компани “Эрдэнэс МГЛ”–ын хувьцааны тодорхой хувийг ард түмэнд эзэмшүүлье. Энэ тохиолдолд ард түмэн ганц Тавантолгой, Оюутолгойн үйл ажиллагаанаас хараат байж, ногдол ашиг хүртэнэ гэж хүлээж суухгүйгээр цаашдаа төрийн мэдлийн бүх ордынхаа үр шимийг зэрэг хүртээд явах боломж бүрдэх юм.
“Эрдэнэс МГЛ” одоо стратегийн орд дахь төрийн мэдлийн компаниудыг нэгтгэж зангидаж байгаа. Цаашдаа энэ компанид зөвхөн стратегийн гэлтгүй төрийн мэдэлд байгаа бүх ашигт малтмалын ордуудыг нэгтгэвэл цар хүрээ, ач холбогдол нь ч энэ хэрээр томорч жинхэнэ утгаараа Монгол Улсын баялгийг нэгтгэсэн компани болж чадна. Тэгээд үүнээс нь иргэддээ хувьцаа олговол жинхэнэ утгаараа баялгийн тэгш хуваарилалт болоод зогсохгүй, орсон орлогоо хурааж хуримтлуулж, өсгөж үржүүлж чадвал ирээдүйн том хөрөнгө оруулалтыг бий болгоно. Эрдэс баялгаас олох орлогоо ард түмэнтэйгээ ийм оролцоотойгоор хуваалцдаг бусад улсуудын жишиг, сайн туршлага бий. Норвегийн тэтгэврийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан, БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорац, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газар, Оросын үндэсний халамжийн сан, Австралийн Ирээдүйн сан гээд байгалийнхаа баялгийг ард түмэндээ хүртээмжтэй хүртээх шийдлийг олж, зөв голдирлоор авч явж байгаа олон улс орон нэгдсэн ийм шийдлээр баялгаа нийтэд нь хүртээж, бас өсг өж үржүүлэн иргэдийнхээ ирээдүйн хөрөнгө оруулалтыг бий болгодог.
Хүний хөгжил сангийн хууль, “Эрдэнэс МГЛ” гэх үндэсний компанийг уг нь эдгээр улс орны жишиг, туршлагаар л анх санаачилж, байгуулсан. Гэтэл үнэндээ энэ туршлага, жишгийг монголчууд бид хөрс өнд өө сайн нутагшуулж, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж нэг л чадахгүй байна. Нэг л том данхайсан бүтэцтэй төрийн компаниуд олноор төрсөн ч ард түмний амьдралд нэмэр болох, ядаж баялгаас орж ирэх хөрөнгө нь ирээдүйд өсөж үржиж, үр шимээ өгнө гэсэн найдвар алсарсаар байна. Цаашдаа төрийн мэдлийн олон компанийг ашигтай, орлоготой ажиллуулах, ялангуяа ард түмний эзэмшиж буй хувьцааг үнэ цэнэтэй байлгахын тулд шинэ шийдэл хэрэгтэй байна. Тэр нь төрийн мэдлийн бүх ордыг нэгтгэсэн “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэх юм. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр ганц Тавантолгойд биш, төрийн мэдэлд байгаа бүх ордоос тогтвортой ногдол ашиг хүртэх боломж бүрдэнэ. Эрдсийн зах зээл байнгын хөдөлгөөнтэй байдаг.
Өнөөдөр нүүрс, жоншны үнэ унахад алт, зэс үнээ тогтвортой барьж, маргааш нь газрын тос тэнгэрт хадах жишээтэй. Тиймээс нүүрс, алт зэс, мөнгө, газрын тос, уран зэрэг эрдсийн бүх төрлийг багтаасан төрийн мэдлийн ордуудыг нэгтгэсэн толгой компанийн хувьцааг ард түмэндээ эзэмш үүлбэл ард түмэн баялгаасаа хувь, хишгээ тогтвортой, байнга хүртэх боломж бүрдэх билээ. Ингэснээр “Эрдэнэс МГЛ” ард түмний хувьцаат компанийн хувьд жинхэнэ утгаараа нээлттэй, бизнесийн өрс өлд өөний зарчмаар ажиллах болно. Харин Та ямар бодолтой байна вэ?
Д.ОЮУН-ЭРДЭНЭ