Монголын үндэсний музей, АНУ-ын Филадельфиа хотын Дрэхелийн их сургуулийн дэргэдэх Байгалийн шинжлэх ухааны Академи хамтран “WINS” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг хөтөлбөр нь ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн эмэгтэй сурагчдад зориулсан нэг жилийн хугацаатай байгалийн ухааны суурь мэдлэг олгох зорилготой аж.
Филадельфийн Байгалийн шинжлэх ухааны Академи нь 200 гаруй жилийн түүхтэй, биологийн төрөл зүйл, байгаль орчны чиглэлийн судалгаагаараа тэргүүлэгч байгууллага юм. Тус академиас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “WINS” хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд анх Филадельфиа хотын сургуулийн эмэгтэй сурагчдаас сонгон шалгаруулж, байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллаж эрдэмтэн болох эх суурийг нь тавьж өгдөг юм байна.
Нийслэлийн дүүргүүдийн сургуулийн сурагчдаас өргөдөл авч, англи хэл дээр сонгон шалгаруулалт явуулж 15 сурагчыг сонгож авсан бөгөөд тэднийг танилцуулах, хөтөлбөрийн үр дүнгийн талаар таниулах уулзалт Монголын үндэсний музейд боллоо.
Өмнө нь “WINS” хөтөлбөрийн хүрээнд Монголоос гурван удаа эмэгтэй эрдэмтэн бэлтгэж, эхний эрдэмтэд их, дээд сургуульд багшлах, ШУА, музейнүүдэд ажиллаж байгаа юм байна.