Жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон тэмдэглэх болсон. Уг аяны хүрээнд өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд Эрүүл мэндийн байгууллагууд оюутнуудад үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй их, дээд сургуулийн оюутнууд хамрагдсан аж. Мөн "Эрүүл оюутан - Эрүүл ирээдүй" уриан дор явагдаж буй сарын аяны хүрээнд оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэж холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн юм.