Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээн дэх ашиглагдахгүй байгаа төрийн өмчийн мэдлийн объектуудыг дуудлагаар худалдах тухай тогтоол гаргасан. Энэ дагуу Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборыг дуудлага худалдаагаар заржээ. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа.
-ТЕГ-ын төв байрны цогцолборыг хэчнээн төгрөгөөр худалдсан бэ?
-Төрийн өмчийн хорооноос цогцолборын анхны үнийг 13.5 тэрбум төгрөг байхаар зарласан ч оролцогчгүйгээс хэд хэдэн удаагийн дуудлага худалдаа амжилтгүй болсон. Тиймээс дуудлага худалдааны үнийг 10.8 тэрбум болгон бууруулсан. Улмаар “Глобал Бридж”, “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” гэсэн хоёр компани оролцож, 10.8 тэрбум 450 мянган төгрөгийн саналаар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф Монголиа” ялсан байгаа.
-Мөнгөө бүгдийг нь төлчихсөн үү?
-Үгүй ээ. Нийт үнийн 20 хувийг дэнчин тавьсан. Гэрээ байгуулаад хэзээ мөнгөө төлж дуусгахаа тохирно. Энэ ажлыг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бөгөөд мөнгө нь орж ирэхээр улсын төсөвт шилжүүлнэ.
-Нийт дуудлагаар худалдаалах хэчнээх объект байгаа вэ?
-Хөдөө орон нутагт нэлээн олон объект байгаа гэв.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Тагнуулын ерөнхий газрын байрны цогцолборын барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн бөгөөд барилгын явц 90 хувьтай байсан юм. Нийт 1.5 га эзэмшлийн талбайтай уг цогцолбор ийнхүү эзэнтэй болжээ.
Р.Оч