Ерөнхий сайдын ахлах зөвлөх Лүймэдийн Гансүхийг АТГ-аас албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсноос хойш өнөөдөр яг хоёр сар болж байна. Түүнийг цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбогдуулан өнгөрсөн баасан гаригт АТГ-аас Дүүргийн I прокурорын газарт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, зайлшгүй хорьж шалгах үндэслэлүүд байгаа учраас цагдан хорих хугацааг нэг сараар сунгах хүсэлт илгээв. Үүнийг нь прокурорын байгууллага Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд уламжилснаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр баасан гаригт гаргалаа. Ингэснээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өнөөдрөөс өлсгөлөн зарлаж болзошгүй байгаа юм. Тэрбээр “Цагдан хорих хугацааг сунгавал өлсгөлөн зарлана. Би гэм буруугүй” хэмээн мэдэгдсэн талаар цахим хуудсуудад мэдээлж байгаа. Харин прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энэ талаарх хүсэлт хараахан ирээгүй байгааг эх сурвалжууд хэлж байна.