Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн 58 дугаар чуулган Австрийн нийслэл Вена хотод энэ сарын 22-26-нд болжээ. Энэ чуулганаар шинээр гишүүн орон элсүүлэх, 2015 оны техникийн хамтын ажиллагааны фондын хандив, захирагчдын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгох, 2013 оны санхүүгийн тайлан, 2015 оны төсөв зэрэг асуудлуудыг хэлэлцсэн аж.Чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр манай улсын төлөөлөгчдийн тэргүүлэгч, Цөмийн энергийн газар (ЦЭГ)-ын дарга Н.Тэгшбаяр дэлхий дахинаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах, үүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ОУАЭА-ийн хэрэгжүүлж буй арга хэмжээ, гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлэн, талархал илэрхийлээд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн манай улсын байр суурийг баталгаажуулан, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын тухай олон улсын конвенцуудад Монгол Улс нэгдэн орохоор ажиллаж байгааг онцолжээ. Түүнээс гадна цөмийн материал, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны механизм, тогтолцоонд бусад орнуудыг нэгдэхийг уриалсан байна.Энэ үеэр ЦЭГ-ын дарга Н.Тэншбаяр Канадын цөмийн аюулгүй байдлын комиссын ерөнхийлөгч Майкл Биндэртэй “Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.