УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачлагаар “Уянга” нэртэй сан байгуулагдаж өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийж, анхны батламжаа гэгээлэг үйлстнүүддээ гардууллаа. “Өнөөдөр” сонины “Нэр нэгтийн чих нэг” буланд УИХ-ын гишүүн Г.Уянга, гавьяат жүжигчин Ө.Уянга нар хамтдаа ярилцлага өгөх үеэрээ сан байгуулах хүсэлтэй явдгаа бие биедээ хуваалцаж, үйлс бүтээлээрээ дэмжинэ хэмээж байсан юм. Тэгвэл тэд тавуулаа болж Уянга нэртэй амьдайнуудын үүсгэсэн “Уянга” санг байгуулаа. “Хөх саран” галерейн захирал, зураач З.Уянга, “Номин косметикс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Уянга, “Нью Кроун” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Уянга, гавьяат жүжигчин Ө.Уянга нар энэ сангийн анхны гишүүд. Тэд хэн нэгэн ядарсан, зүдэрсэн хүмүүст туслахаасаа илүүтэй, нийгмийг уриалан, сайн үйл бүтээж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллах гэнэ.
Сангийн үйл ажиллагааны эхлэл болгож энэ үеэр хоёр шилдэг хүүхдийг урамшуулсан юм. Тэд бол хэдийнэ уншигчдын танил болоод амжсан хүүхдүүд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрээс найман дүүгээ аварсан Н.Азжаргал болон “Сэлбэ” голыг сайн дураараа цэвэрлэдэг С.Буянхишиг нар “Уянга” сангийн батламжийг гардсан юм. Мөн бүсгүйчүүд сангийнхаа үйл ажиллагааг идэвхитэй байлгаж, сайн үйлстнүүдээ дэмжих санхүүгийн эх үүсвэр бий болгохын тулд “Уянга” нэртэй ус үйлдвэрлэж эхэлжээ. Сангийн нээлтийн ёслолд ирсэн хүмүүс тэдний үйлсийг урамшуулж, мөнгөн хандив болон ажил үйлсээрээ туслахаа илэрхийллээ.