Нөгөөдрийн морин цагт болох энэхүү нээлтийн ажиллагааны дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ээлжит чуулганы эхний хуралдаанаа хийх юм байна. Мөн энэ өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар төрийн болон төрийн бус зарим байгууллагуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Харин маргааш хэд хэдэн Байнгын хорооны хуралдаантай. Тухайлбал, энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд буй Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл, намрын ургац хураалтын явц болон Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.
Чуулганы хуралдааны дэгийн дагуу пүрэв, баасан гаригт нэгдсэн хуралдаантай бөгөөд хоёр чуулган дамнан хэлэлцэж буй Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах, эсэхийг эхэнд нь шийдвэрлэхээр байна. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлаа УИХд тайлагнах нь. Тэрбээр эдийн засаг, бизнес эрхлэлт, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч гэхчилэн салбар тус бүрт 100 хоногийн хугацаанд юу хийснээ тайлагнахаар төлөвлөж буй бололтой. Засгийн газрын тэргүүний тайланд төгрөгийн ханшийг тогтворжуулж, үнийн өсөлтийг сааруулах болон гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, улсын төсөв, хөнгөлөлттэй зээл, тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ч багтах юм.
Б.НОМИН