Өвөрхангай аймгийн 75 байгууллага өнгөрсөн зун 13074 ширхэг мод, бут тарьж, 4587 ам метр талбай зүлэгжүүлжээ. Тус аймгийн Байгаль орчны газраас байгууллагуудын тарьсан мод, бутны ургалтад урьдчилсан байдлаар дүн шинжилгээ хийсэн байна. Усалгаа, арчилгаанаас хамаарч модод харилцан адилгүй ургажээ. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газар, Төв номын сан, I дунд сургууль, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилтнууд тарьсан мод, бутаа сайн арчилж, тордсон тул мод, бут нь 70-100 хувь нь ургасан байна. Тэдний суулгасан мод цаашид амьдрах бүрэн боломжтой гэсэн үнэлгээ авчээ. Тэгвэл Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Хөгжимт драмын театр, Зоонозын өвчин судлалын төв, Хөдөлмөрийн хэлтсийнхний тарьсан тарьц, суулгац бараг ургаагүй гэнэ. Учир нь эдгээр байгууллага хөрс сийрүүлэх, хогийн ургамал түүх, услах зэрэг наад захын арчилгаа огт хийгээгүй аж. Бусад байгууллагын ногоон байгууламж дахь мод, бутны дөнгөж 50 хувь нь ургаж байна. Тарьц, суулгац газарт булснаа мод тарилаа гэж ойлгодог хүмүүс олон байдгийг энэ судалгаа харуулав. Тиймээс тарьсан модоо ургуулахад анхаараагүй байгууллагуудаар ирэх хавар дахин мод тариулах юм байна.