Шинэчлэлийн Засгийн газар бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Эдгээрийн нэг болох Өмнөговь аймгийн төв Даланзадгадыг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замыг ашиглалтад оруулахад бараг бэлэн болжээ. 570 гаруй км энэ замыг Монгол Улс, БНХАУ-ын компаниуд тавьж буй. Одоо аймгийн төвөөс Цогт-Овоо сум хүртэлх 160 км замын зургаан км-ыг тавиад дуусгачихвал Даланзадгад-Улаанбаатарын хооронд дардан замаар давхих боломж бүрдэх юм. Даланзадгадаас Цогт-Овоо хүртэлх замыг өнөөдөр дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн авто замыг энэ сарын 30-нд хүлээлгэн өгөх юм байна. Уг замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.