Төв аймаг нийт ургацынхаа 40 гаруй хувийг хургаад байна. Тус аймгийн тариаланчид өнгөрсөн хавар ОХУ-аас 100 сая төгрөгөөр элит үр худалдан авч, Эрдэнэсант, Угтаалцайдам, Жаргалант, Цээл сумын 18 аж ахуйн нэгжид хуваарилсан аж. Үүний үр дүнд энэ намар нэгдүгээр үржүүлгийн үр 19200 тонныг хураан авах төлөв гарчээ. Үүнээс ирэх жилийн тариалалтад 11000 тонныг нь хадгалж, үлдсэнийг нь төвийн бүсийн аймгуудын хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн хавар тус аймаг нийт 90362.4 га талбайд тариалалт хийсэн байна. 66167 га-д үр тариа суулгаснаас 59589 га-д нь улаанбуудай тарвсан гэнэ. Төмс 4586, хүнсний ногоо 950, малын тэжээл 4035, тосны ургамал 13957, жимс жимсгэнэ 137.4, олон наст ургамал 530 га-д тус тус тариалсан аж. Анхны цас орж, ургацаа яаралтай хурааж авахыг сануулж байгаа энэ үед тариаланчид орон нутгийнхаа ажилгүй залуус, цэргүүдээр хүч нэмэгдүүлэн өдөр шөнөгүй ажиллаж байгаа аж. Гэсэн ч энэ цасны улмаас ургац хураалт 1-2 хоногоор саатах шинжтэй.