Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгт энэ сарын 25-нд гэдэсний халдварт өвчин гарч, 166 хүүхэд эмнэлэгт ханджээ. Тэдний 34-ийг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр долдугаар цэцэрлэгт түр хугацаагаар хөл хорио тогтоосон байна. Тус цэцэрлэг 414 хүүхэдтэй агаад өвчин гарсан өдөр 270 нь ирсэн аж. Хамгийн түрүүнд өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхэд энэ сарын 24-ний оройноос 38-40 хэм халуурч, гэдэс нь гүйлгэсэн байна. Үүнээс хойш удалгүй тухайн цэцэрлэгийн бага, дунд бүлгийн 2-3 насны хүүхэд өвчилжээ.
Гэдэсний халдварт өвчин юунаас гарсныг тогтоохоор тус аймгийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд долдугаар цэцэрлэгийн багш, эцэг эхчүүдээс тархвар судлалын асуумжаар судалгаа хийн, тус цэцэрлэгийн 12 газраас эрүүл зүй, нян судлалын шинжилгээ авсан байна. Өвчний голомтод ариутгал хийн, өрхийн эмч нар тухайн өдөр цэцэрлэгт ирээгүй хүүхдүүдийн гэрээр очиж үзлэг, шинжилгээ хийжээ. Мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийг шаардлагатай эм тариа, ариутгалын бодисоор хангаж эмч, хүүхэд хэвтүүлэх ор, сувилагч нарыг нэмэн ажиллуулах зэрэг арга хэмжээ авчээ.