Дорнод аймагт сүүлийн гурван жилд бүртгэгдсэн нийт халдварт өвчин улсын дунджаас 2.2 дахин, аймгуудынхаас 1.9 дахин их байна. Сүүлийн таван жилд бэлгийн замын халдварт өвчин туссан иргэдийн 90.9 хувь нь 16-40 насныхан гэнэ. Гэр бүлтэй, хамтран амьдрагчтай, ажилтай, ажилгүй ямар ч хүн бэлгийн замын халдварт өвчин тусаж байгаа нь тодорхой болжээ. Иймд 2020 он хүртэлх өвчлөлийн прогнозыг үндэслэн өнгөрсөн жил тус аймгийн Эрүүл мэндийн газар 16-39 насны хүн амын дунд илрүүлэг үзлэг зохион байгуулсан аж. Өнөө жил ч ийм үзлэг хийж эхэлжээ. Тус аймгийн Засаг даргын энэ оны А/394 дүгээр захирамж, Эрүүл мэндийн газрын даргын А/58 дугаар тушаалын дагуу илрүүлэг үзлэгт 16-50 насныхныг хамруулж байна. Энэ сарын 10-нд эхэлсэн үзлэгийг арваннэгдүгээр сарын 10 хүртэл хийнэ. Уг үзлэгээр тэмбүүгийн үзлэг шинжилгээ хийн, өвчтэй хүмүүсийг эмчилж, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж сургахаас гадна Дорнодын хүн амын дунд бэлгийн замын халдварт өвчин ихсэхэд юу нөлөөлж байгааг тогтоон, арга хэмжээ авахаар зорьж байгаа аж.