Цусны маш ховор өвчтэй, 18 настай өвөрмонгол охиныг аврахаар Бээжин дэх монголчууд нэг сая юань цуглуулж байгаа аж. Өвөрмонголын малчны охин Сурнаа Бээжин дэх Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын хоёрдугаар курсийн оюутан аж. Тунляо хотын Хүрээ хошуунд амьдардаг аав ээж нь охиноо эмчлүүлэхийн тулд орон гэрээсээ эхлээд хамаг байдгаа зарсан ч эмчилгээний зардалд хүрэхгүй байгаа гэнэ. Тиймээс Бээжинд амьдарч байгаа Монгол Улсын иргэд болон бусад монгол үндэстнүүд хандив тусламж цуглуулахаар төрөл бүрийн арга хэмжээ санаачлан зохион байгуулж эхэлсэн юм байна. "Наран хун" залуучуудын байгууллага гэхэд энэ сарын 27-нд монгол дуучид, уран бүтээлчдийг оролцуулан хандивын тоглолт хийжээ. Тоглолт "Бөртө чоно, гоо марал" ресторанд болсон агаад тус рестораныхан тухайн оройн бүх орлогоо охинд хандивлахаар болжээ. Хандивыг Хятадын Тариалангийн банкны 6228210010015829118 тоот дансанд цуглуулж байгаа аж.