Өмнөговь аймгийн музей энэ жил гурав дахь удаагаа “Цэцгийн ертөнц" үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, шилдэг цэцэрлэгч иргэн, байгууллагуудыг шалгарууллаа. Үзэсгэлэн, худалдааг сонирхсон иргэдэд ямар цэцэг юунд хэрэгтэй, алийг нь яаж арчилж ургуулах гэх мэт зөвлөгөө өгчээ. Цэцэгчдийн тоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэх, цэцгийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой энэ арга хэмжээнд нэг хүн танилцуулгыг нь бичсэн таваас доошгүй цэцэгтэй оролцсон гэнэ. Үзэсгэлэн, худалдаанд нийт 200-гаад төрлийн 500 гаруй цэцэг тавьжээ.
Хувь хүмүүсээс шилдэг цэцэгчнээр Ж.Тунгалаг шалгарч, А.Оюунтуяа удаах байрыг эзэлсэн бол албан байгууллагуудаас нэгдүгээр байрт Хөдөлмөрийн хэлтэс, хоёрдугаар байрт “Мэдээлэл харилцаа, сүлжээ” компани оров.