Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Viking Mines” компани Монголд төвлөрөн үйл ажиллагаа эрхэлдэг “Auminco Mines”-ын хувьцааг бүхэлд нь худалдан авахаар болжээ. Энэ сарын 26-ны байдлаар “Viking Mines” дээрх компанийн үнэт цаасны 97.93 хувийг худалдан авахаар баталгаажуулаад байгааг www.proactiveinvestors.com.au цахим хуудсанд тэмдэглэсэн байна. “Auminco” компанийг та, бид Бэрх-Уулын нүүрсний төслөөр нь мэднэ. Дарханы ДЦС, Эрдэнэтийн цахилгаан станц, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цементийн үйлдвэрт нүүрс нийлүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байгаа эл орд Сэлэнгэ аймгийн нутагт байрладаг. Монгол, Оросын хилээс 40 км, Дархан хотоос 200 км-ийн зайд оршдог. “Auminco Mines” мөн Говь-Алтай аймагт “Хонгор Заг” антрацит нүүрсний, Ховдод “Бүдүүн”, Дундговь аймагт “Далт”, “Бударгана” зэрэг нүүрсний төслөөс гадна Сүхбаатар аймагт “Цайрт” цайрын төсөл хэрэгжүүлдэг юм байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН