Энэ сард сүүлийн таван жилийн доод түвшинд хүрч буурсан төмрийн хүдрийн үнэ ойрын хугацаанд сул хэвээр байх төлөвтэйг “Rio Tinto” группийн захирал асан Том Албаниз “Bloomberg”-т ярьжээ. Хятадын эдийн засгийн өсөлт суларч буйн зэрэгцээ төмрийн хүдрийн нийлүүлэлт эрэлтээс давах шинжтэй аж. Эдүгээ Лондоны “Vedanta Resources”-ийн гүйцэтгэх ерөнхий захирлын албыг хашиж буй ноён Албаниз “Нэг тонн нь 80 ам.доллар байгаа тохиолдолд өндөр зардал гаргадаг үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж байна” хэмээжээ. “Rio Tinto”, “BHP Billiton” нарын уул уурхайн гигантууд нийлүүлэлтээ нэмэгдүүлснээр эл түүхий эдийн үнэ энэ онд 42 хувиар суларчээ. Өнгөрсөн долоо хоногт Австралийн шинжээчид эл таваарын 2015 оны үнийн таамгийг бууруулснаа албан ёсоор зарласан. Харин томоохон уурхайнууд үйл ажиллагаагаа тэлсэн нь үнэ хямдрах үндсэн шалтгаан болоод байгааг “Credit Suisse” учирласан байна. 62 хувийн төмрийн агууламж бүхий хүдрийн үнэ Хятадын Чиндао боомтод найман долоо хоногийн турш хямдарч, нэг тонн нь 78.68 ам.долларын үнэтэй байна. “Goldman Sachs”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар ирэх жил дэлхийн төмрийн хүдрийн зах зээл дэх илүүдлийн хэмжээ 52-оос 163 сая тонн болж нэмэгдэх төлөвтэй гэнэ. Ирэх жил үнэ нь дунджаар 80 ам.доллар байх төлөвтэй бөгөөд энэ онд ойролцоогоор 104.66 ам.долларын орчимд хэлбэлзэж байсныг “Bloomberg” уламжиллаа.
Б.ЦЭЦЭГСҮРЭН