Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, УИХ-ын чуулганы энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий орон тооны бус Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгууллаа. Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийн ажиллах журам болоод эл зөвлөлийг 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлах шийдвэрийг Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийн анхны хурлаас гаргалаа. Эрдэс баялгийн бодлогын зөвлөл нь Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар хууль санаачлагчдын хуулийн төсөлд судалгаанд үндэслэсэн санал, зөвлөмж гаргах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөгжлийн стратеги болон салбарын ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахад оролцох, мөн олон нийттэй харилцах төлөвлөгөөг боловсруулахад хамтарч ажиллан судалгаанд суурилсан бодит, тэнцвэртэй мэдээллийг дотоод, гадаадад түгээн таниулж сурталчилах зорилготой аж. Түүнчлэн энэхүү бодлогын зөвлөлийг байгуулснаар Эрдэс баялгийн салбарын бодлогын аливаа шийдвэр нь уг салбарын харилцаанд оролцогч талуудын санал түүнчлэн судалгаанд үндэслэн гардаг болох юм байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН