Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн шалган нэвтрүүлэх боомтоор Дорнод,Сүхбаатар аймгийн иргэд зээрийн 8300 ширхэг эвэр хууль бусаар хил давуулах гэж байсныг хилчид илрүүллээ. Олны анхаарлаас зайдуу байх энэ боомтоор хууль бусаар эд зүйл гаргахыг завдах тохиолдол удаа дараа гарч байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Оонын хос эврийг 300 грамм гэж тооцвол гурван мянган цагаан зээрийн эвэр нэг тонн болдог аж. Ан агнуурын тухай хуулиар жил бүрийн есдүгээр сараас арванхоёрдугаар сарын нэгэн хүртэл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар цагаан зээр агнахыг зөвшөөрдөг байсныг 2000 оноос хориглосон. Гэтэл хулгайн анчид зээрийн эврийг нь авах зорилгоор л агнаж байгаа нь харамсалтай. Дээрх иргэд гэхэд 8300 хос эвэр гаргах гэж байсныг эд мөрийн баримтаар хураан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэнэ. Үүнээс өмнө БНХАУ-ын хилчид Бичигт-Зүүн хатавчийн шалган нэвтрүүлэх боомтоор таван тонн гоёо, 10 тонн хонь, ямааны өлөн гэдэс, 15600 ширхэг зээрийн эвэр хууль бусаар Хятадын тал руу нэвтрүүлсэн байсныг илрүүлэн шалгаж байгаа тухай манай хилчдэд мэдэгдсэн байна.