Оюутолгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto” компанийн хэлэлцээ нэлээд ахицтай байгаа хэдий ч энэ долоо хоногт шийдэгдэхгүй бололтой. Ирэх сарын 2-нд “Оюутолгой” компанийн ТУЗ хуралдаж, төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хэлэлцэх юм. Харин далд уурхайд хөрөнгө оруулах тухай олон улсын банкуудын баталгаа нь өнөөдрөөр дуусгавар болж буй. Гэхдээ зээлдүүлэгчдийн дийлэнх нь санхүүжилт олгох хугацаагаа дахин нэг удаа сунгахад татгалзахгүй гэдгээ мэдэгдсэнийг “Sydney Morning Herald” дамжууллаа. Дутуу төлсөн гэх татварын хэмжээг бууруулсан, шинэчилсэн ТЭЗҮ-г компанийн ТУЗ-д хүлээлгэн өгсөн зэргээр өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагч талуудын харилцаа сайжирсан тул тэд ийнхүү шийдвэрлэсэн байна. Гэхдээ энэ он дуусахаас өмнө бүхий л асуудлыг шийдвэрлэж дуусгана гэдэгт банкирууд найдаж байгаа аж. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжилтийн баталгааны хугацаагаа ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгаад байгаагаа мэдэгдсэн байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН