Улаанбаатарын багачууд л жүжиг үзэх тусгай театртай байсан бол эдүгээ Дархан-Уул аймгийн жаалууд ч Хүүхэлдэйн театртай боллоо. Тус аймгийн болон Дархан сумын ЗДТГ, бусад байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн “Монгол хүүхэд” төслийн хүрээнд энэхүү театрыг байгуулжээ. Залуучууд театрын дэргэд байгуулсан уг театрыг өчигдөр “Болдоггүй бор өвгөн" хүүхэлдэйн жүжгээр нээв. Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн эл жүжгийг Дархан сумын 15 цэцэрлэгийн хүүхдүүд сонирхож, Хүүхэлдэйн театрын анхны үзэгчид болсон юм.
77 үзэгчийн суудалтай тус театрт 15 хүн ажиллана. Тэд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон уран бүтээл туурвихаар зорьж байна. Өмнө нь 1992 онд Залуучууд театрын дэргэд Хүүхэлдэйн театр байгуулсан ч 1995 онд татан буулгасан түүхтэй.