Монгол орныхоо баруун хязгаарыг унадаг дугуйгаар тойрч яваа Ч.Мөнгөндалайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Өгийн давааг давах үед унадаг дугуй нь эвдэрчээ. Тэрбээр эвдэрсэн дугуйгаа түрсээр Хөвсгөл аймгийн төвд алхаж хүрсэн байна. Монголын залуучуудын холбооныхон орон нутаг дахь салбаруудтайгаа холбоо барьж, Ч.Мөнгөндалайг Улаанбаатарт ирэх замд нь хооллох, хонох байр гаргаж өгөх зэргээр туслахаар болов. Бартаа ихтэй 5500 км замыг унадаг дугуйгаар туулахаар зориглосон түүний замд цас, шуурга, унаа нь эвдрэх, хоол ундгүй болох гэхчилэн саад багагүй тохиолдож буй. Нийт нутгаар хүйтэрч, цас орсон энэ үед түүнд дулаан хувцас байхгүйгээс гадна холын замд дугуйгаар удаан явснаас ядарчээ. Гэсэн ч Ч.Мөнгөндалай аяллаа үргэлжлүүлэхээр болсон аж. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй энэ залуу дугуйгаар аялах мөрөөдлөө биелүүлэхээр өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Улаанбаатараас гарч, Өвөрхангай-Баянхонгор-Говь-Алтай-Ховд-Баян-Өлгий-Увсаар дайран Хөвсгөлд саатаад байна. Одоо Булган-Орхон-Дархан-Уул аймгаар дайраад Улаанбаатарт ирнэ.