Цөмийн энергийн газар, Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн хамтран “Цөмийн эрчим хүч” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Хурлаар цөмийн шинжлэх ухаан, технологийн хөгжил, Монголд тохиромжтой судалгааны реактор байгуулах, энэ салбарт ажиллах хүний нөөцийг бэлтгэх талаар илтгэл тавьж хэлэлцэв. Түүнчлэн Францын цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн туршлагыг сонссон юм. Манай улс Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах бодлогодоо цөмийн эрчим хүчний эх үүсвэр байгуулах талаар тусгаж өгсөн байдаг. Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Энэ хурал бол цөмийн эрчим хүчний эх үүсвэр байгуулах суурь судалгааны нэг хэсэг” гэж дүгнэв. Дэлхий нийт хэрэгцээтэй эрчим хүчнийхээ 11 хувийг цөмийн реактороор үйлдвэрлэж байгаа аж. Тэгвэл улс гүрнүүд цөмийн эрчим хүчний эх үүсвэр олноор байгуулах хандлагатай болсныг хуралд оролцсон судлаачид дуулгалаа. Тухайлбал, энэ онд 33 реактортой ОХУ 10-ыг, 22 реактортой БНХАУ 27-г, 23 реактортой БНСУ тавыг нэмж барихаар шийдээд буй. Түүнчлэн Саудын Араб, Турк улс анхны цөмийн реактороо барьж эхэлжээ.
Т.Энхбат