-Барьж чаддаггүй юм аа гэхэд байгаагаа ашигламаар байна-
Өвдөх эрхгүй, өвдлөө ч мөнгөгүй бол эмчлүүлж чадахгүй, гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй улсын нийслэлд бид аж төрж байна. Намрын намарт цэцэрлэгийн бүртгэл эхлэх сургаар эцэг, эхчүүд гадаа хонон дугаарлаж, хүүхдээ цэцэрлэгт оруулах нь их сургуульд оруулахаас ярвигтай болсныг хачирхдаг. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны 241 мянган хүүхдийн 185 мянга нь буюу 80 хувь нь цэцэрлэгт хамрагдсан талаар БШУЯ-наас мэдээлж байсан. Харин нийслэлд энэ тоо 71 хувьтай байсан юм. Хувилбарт сургалт, хувийн цэцэрлэг гээд цэцэрлэгт хамрагдсан гэж хэлж болох бүхнийг оруулаад энэ шүү дээ. Төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдагсад 60 хувьд ч хүрэхгүй. Нийслэлийн Боловсролын газрынхан цэцэрлэгийнхээ барилгын хүчин чадалд тохируулан хүүхдээ авбал нийслэлийн хүүхдүүдийн 50 орчим хувийг л сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой. Бид анги дүүргэлт болоод барилгынхаа хүчин чадлыг 1.7 дахин нэмэгдүүлж байж, хүүхдийн тоог 70 хувьд хүргэж байна” гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 17-г нь энэ жил Дэлхийн банкны хөрөнгөөр барьсан. Тэрнээс энэ жил нийслэлд улс болон нийслэлийн хөрөнгөөр нэг ч цэцэрлэг бариагүй. Цэцэрлэгийн нэг анги стандартаараа 25 хүүхэдтэй байх ёстой бол өнөөдөр улсын цэцэрлэгийн анги дүүргэлт 50, 60-д хүрсэн. Энэ бүгдийг дурдсан нь цэцэрлэг ямар их хэрэгтэй байгааг сануулах гэсэн хэрэг. Гэтэл өнөөдөр цэцэрлэгийн 10 барилгад үсчин, эмнэлэг, сувилал, талх, нарийн боов, зайрмагны цех, оёдолчин, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байх юм. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-1994 оны үед цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо цөөрч, эцэг, эхчүүд хоолны мөнгөө өгч чадахгүй болсноор эдгээр цэцэрлэг үүдээ барин, зориулалт нь өөрчлөгджээ. Одоо ч зарим нь хэний эзэмшилд байдаг, хэрхэн хувьчлагдсан нь тодорхойгүй байна. Энэ нь улсын өмч хэрхэн эзэнгүйдсэнийг харуулав. Зориулалт нь өөрчлөгдсөн цэцэрлэгийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газраас гарган нийслэлийн ИТХ болон Өмчийн харилцааны газарт жил гаруйн өмнө хүргүүлсэн ч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед цэцэрлэг бариад өг гэхээ больё. Ядаж байгаа хэдэн цэцэрлэгээ бүрэн ашиглая л даа. 1920 хүүхдийн багтаамжтай энэ 10 цэцэрлэгт өнөөдрийн жишгээр бол 3000 хүүхэд өлхөн багтана.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтнээс зориулалт нь өөрчлөгдсөн цэцэрлэгүүдийн талаар тодруулахад “Цэцэрлэгүүд ном журмаараа хувьчлагдсан. Баянзүрх дүүрэгт байгаа хоёр цэцэрлэгийн барилга ОХУ-ын өмч учраас бид мэдэхгүй. Хувьчилсан барилгыг эргүүлж улсын өмч болгох хуулийн зохицуулалт байхгүй” гэлээ. Баянзүрх дүүрэгт л гэхэд зориулалт нь өөрчлөгдсөн дөрвөн цэцэрлэг байна. Тус бүр нь 280 хүүхдийн багтаамжтай. Одоогийнхоор бол нэгэнд л 500 хүүхэд сурах боломжтой. Эдний хоёр нь ОХУ-ын өмч. Дүүргийн удирдлагууд эдгээрийг зориулалтын дагуу ашиглах хүсэлтээ БШУЯ-нд тавьдаг ч тодорхой хариу өгдөггүй гэнэ. Тус дүүрэг орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоогоороо тэргүүлдэг. V хороогоор нь л жишээ авахад гурван цэцэрлэгтэй. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт нь 240 хүүхэд хүмүүждэг. Нэг цэцэрлэгт хоёр настай 90 хүүхэд бүртгүүлснээс дөнгөж 20-ийг нь авсан тухай хорооны Засаг дарга М.Ширэндэв учирласан.
Бид энэ удаагийн дугаартаа зориулалт нь өөрчлөгдсөн 10 цэцэрлэгийн тавыг нь онцолж байна
1. “Сансар” кабелийн телевизийн зүүн талын цэцэрлэг 150 ортой. Өдгөө энд хувийн “Закира-Од” сувиллын клиник цэцэрлэг, нэг жигүүрт нь эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг.
2. Баянзүрх дүүрэгт байдаг ОХУ-ын өмч гэгдэх хоёр цэцэрлэгийн барилгын нэгийг нь “Энхүүд”, нөгөөг нь “Ангария” ХХК компани хариуцан, түрээслүүлдэг гэнэ. “Ангария” ХХК-ийн түрээсэлдэг барилгад талх, нарийн боовны цех, оёдлын газар, хувийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг юм билээ.
3. “Энхүүд” ХХК цэцэрлэгийн барилгын талбайн ам.метрийг нь 15 мянган төгрөгөөр түрээслүүлдэг. Тус цэцэрлэгт эмнэлэг, хувийн компани, цэцэрлэг гэх мэт олон байгууллага байрладаг. Компанийнхан цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулсан ч алдагдалтай ажилласан учраас больсноо хэлсэн. Одоо нэг өрөөг нь тохижуулж, гэр оронгүй, өнчин хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг аж. Тэд барилгыг ОХУ-аас худалдаж авахаар олон жил хөөцөлдсөн ч нөг өөдүүл нь зарахыг хүсдэггүй гэнэ.
4. МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөр-нийгмийн харилцааны дээд сургууль мөн л цэцэрлэгийн барилгад үйл ажиллагаа явуулдаг. 150 хүүхдийн багтаамжтай энэ цэцэрлэгийг МҮЭХ ажилтнуудынхаа хүүхд үүдийг хамруулахаар байгуулж, найман жил ажиллуулаад, 20 жилийн өмнө сургууль болгожээ. Тус холбоонд өөр нэг цэцэрлэг байдаг ч барилгын ашиглалтын хугацаа дуусаж, үйл ажиллагаа явуулах боломжг үй гэсэн дүгнэлт гарсан тул шинээр цэцэрлэг барихаар болсон байна.
5. “Тэнгис” кино театрын зүүн талд буюу “Үндэсний бууз” хоолны газартай барилга мөн л цэцэрлэгийнх. Эзэмшигч нь тодорхойгүй. 100 хүүхдийн багтаамжтай.





Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ