Дархан-Уул аймгийн төв дэх VII цэцэрлэгийн бага, дунд бүлгийн 2-3 настай хүүхдүүд гэдэсний халдварт өвчин тусаж, зарим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Халдварт өвчин туссан эхний хүүхэд есдүгээр сарын 24-ний оройноос 38-40 хэм халуурч, гүйлгэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан бол маргааш нь 25 хүүхэд эмнэлэгт нэмж хэвтүүлэн, 35 хүүхдийг гэрээр эмчийн хяналтад авсан юм. Тэднээс зургаан хүүхдийн бие хүндэвтэр байв. Хүүхдүүд гэдэсний хурц халдварт өвчин туссаныг урьдчилсан байдлаар тогтоогоод байсан. Энэ сарын 23-25-нд хүүхдүүдэд өгсөн өглөө, өдрийн хоол, хүнсний 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар шинжилгээ авсан юм. Эдгээр шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ч хүүхдүүдээс авсан нян судлалын шинжилгээний урьдчилсан хариу гарчээ.
Уг шинжилгээгээр гэдэсний халдварт өвчин үүсгэгч Е.Coli гэх нян илэрсэн байна. Гэсэн ч баталгаажуулах шинжилгээний хариу гарсны дараа бүх зүйл тодорхой болох аж. ХӨСҮТ-ийн тархвар судлаачдаас бүрдсэн баг тус аймагт очиж, судалгаа хийгээд хүүхдүүд олон зүйлээс халдвар аваагүй, халдвар тараагч нь нэг л зүйл гэж үзсэн гэнэ. Есдүгээр сарын 22-нд цэцэрлэгийн хүүхдүүдэд долоон төрлийн хоол хүнс өгчээ. Үүнээс тараг, жимсний шүүснээс халдвар тарсан байх магадлалтай юм байна. Учир нь тарагны үйлдвэрийн бүтээгдэхүүний зөөдөг савнаас Е.Coli нян илэрчээ.
Х.ЭРХЭМ