Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөөний өргөтгөл шинэчлэлт, Богд уулын арын 17.1 км авто зам шинээр барих ажлууд хийгдэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Яармагийн гүүрийн замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг гүүртэй зэрэгцээ 243 у/м төмөр түр гүүрийг угсарч дуусган байнгын ашиглалтад оруулаад байна.
Дээрх түр гүүрийг Туул гол, Яармагийн одоо байгаа гүүртэй зэрэгцээ байрлалтай, шинээр баригдах төмөр бетон хос гүүрийн байгууламжийг ашиглалтад ортол 2-3 жил ашиглахаар тооцож төлөвлөжээ.
Гүүрээр зорчих авто тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 20 тн юм. Тус гүүрээр хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчсоны улмаас гүүр, замыг холбох хэсэг болох дамжих хавтангийн бетонд ноцтой эвдрэл гарсныг есдүгээр сарын 13-наас 15-ны хооронд засварласан байна.
Богд уулын арын 17.1 км замаар хүнд даацын авто машинууд хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч зорчигчид хяналтгүй явж байгаагаас замын тэмдэг тэмдэглэгээ эвдэх сүйтгэх ажиллагаа байнга гарсаар байгаа аж. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөн зохицуулах тэмдгийн заалтыг мөрдөн зорчихийг анхаарууллаа