Хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудад суллагдсаны дараа хэрхэн ажлын байртай болох талаар дүүргийн прокурорын газраас сургалт зохиолоо. Мөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зөвлөмж гаргуулан хүргэсний зэрэгцээ хөдөлмөрийн хэлтэстэй хамтран харьяа хорих 427 дугаар ангид газар дээр нь очиж сургалт явуулсан юм.
Мөн хорих ангиас суллагдсан хүмүүс болон хорих ял нь тэнслэгдсэн ялтнуудын ажил эрхлэлтийн байдлыг тооцож, ажил хийх сонирхолтой, хөдөлмөрийн чадвартай хүнийг ажил хийх боломжоор хангах, тэдэнд мэдээлэл өгөх ажлыг зохиосон аж. Уг ажлыг дүүргийн гуравдугаар прокурорын газраас Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран есдүгээр сарын 15-ны өдөр “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийжээ.
Уг хөтөлбөрийн дагуу Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Одмандах, Д.Туяа нар хорих ангиас суллагдсан хүмүүс болон хорих ял нь тэнсэгдсэн ялтнуудыг идэвхитэй ажил хайгчаар бүртгэн бүртгэлд хамрууллаа. Мөн дүүргийн хэмжээний болон бусад аймаг нийслэлийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн төв бирж, хувийн зуучлалын байгууллагаас ирүүлсэн ажлын байрны зарыг танилцуулан, дээрх иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.