Эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтын үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт шинээр гурван эмнэлэг баригдаж байгаагийн нэг нь 3,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 50 ортой амаржих газар юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрөх эмнэлгийн нээлтэд оролцож, бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлсан юм. Тэрээр “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг өлгийдөн авах шинэ амаржих газар ашиглалтад орсноор эрүүл мэндийн салбар ялангуяа эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж хэллээ. Тус амаржих газар нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд Лексембургийн Засгийн газрын төслөөр хэрэгжиж байгаа телемедицины үндэсний сүлжээнд холбогдсон төв юм