“Тахийн нутаг-Хустайн нуруугаар” нэртэй эко аялалд орон нутгийн телевизийн сэтгүүлч, операторууд оролцлоо. Тэд аяллаа Төрийн ордон дахь олон нийтэд зориулсан музейгээс эхэлж, Монгол төрийнхөө үүх түүхтэй танилцсан юм. Тэндээсээ БОНХЯ-ны харьяа Туул голын хөвөө, Богд уулын хормойд байрлах Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зочилж, ан амьтны бэсрэгхэн музей үзсэн аж. Тус төв энэ онд 23 000 хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох зорилт тавьсан ч хагас жилд л гэхэд 25 000 хүнд үйлчилсэн байна Сэтгүүлчид БОНХЯ-ны мэргэжилтэн М.Ганбатын “Ногоон хөгжлийн бодлого” лекцийг сонсч, Дэд сайд Б.Тулгаас салбарын бодлоготой холбоотой сонирхсон асуултынхаа хариуг авлаа.
Тэд нутгийнхаа энд тэнд сэндийчин хаясан, эзэнгүй орхигдсон газруудын нөхөн сэргээлт, ан амьтныг агнах зөвшөөрөл, хулгайн модтой тэмцэх, ойжуулалтын бодлого зэрэг асуудлыг түлхүү хөндөж ярилцлаа.