"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд цаашид тогтвортой хамтран ажиллахаар нийт 380 орчим хөрөнгө оруулагч саналаа илэрхийлсний 120 орчим нь дотоодынх юм байна. Тус худалдааны чөлөөт бүсэд 60 компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгээс одоо 20 нь ажиллаж байгаа аж. Хойд хөршийн том зах зээлтэй дөхөх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, экспортын ашиг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү олон жил ярьсан худалдааны чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг шийдсэн байна. Энд худалдах бараа, бүтээгдэхүүний үнэ хямд, цаашдаа ОХУ, Монгол Улс харилцан 30 хоног визгүй зорчиход худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаа улам эрчимжиж, худалдаанаас олох ашиг илт нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцлов.