“Өнөөдөр” сонин өнгөрсөн мягмар гаригийн дугаартаа Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалт “түүхий”-гээрээ, хугацаандаа ашиглалтад орох ямар ч боломжгүй байгааг газар дээрээс нь сурвалжилсан. Тэгвэл “Да Хүрээ” захын зарим хэсгийг өчигдөр өглөөнөөс хаасан байлаа. Тус захын автомашины бизнес эрхлэгчид Авто худалдааны төвийн эхний ээлж ашиглалтад ороогүй байхад тус захын зарим хэсгийн үйл ажиллагааг зогсоосныг эсэргүүцэн өчигдөр 09.00 цагаас хойш зам хааж зогсов. Биднийг тус захад 13.40 цагт очиход Баянзүрх дүүргийн цагдаа нар худалдаачдыг зам чөлөөлөхийг шаардан, нэлээд дуу шуу болж байлаа.
Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн П.Ганцоожоос учир явдлыг тодруулахад “Төрийн ажил алдаатай, амласан нь хөрсөндөө буудаггүйгээс өнөөдөр бид хохирч байна. Мэргэжлийн хяналтынхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто захуудыг аравдугаар сарын 1 гэхэд хаах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээ шинээр барих авто худалдааны төвтэй уялдуулсан байх. Гэтэл худалдааны төв ашиглалтад орсонгүй. Цагийн өмнө нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөртэй утсаар ярихад “Надад мэдсэн юм алга. Албаны хүмүүсээ явуулъя. Дүүргийн Засаг даргатай ярья. Худалдааны төвийг энэ сарын 15-нд нээхээр болсон” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс бизнес эрхлэгчид хохирч байгаагийн нэг жишээ энэ. Авто цогцолборыг нээх болоогүй юм бол захуудын үйл ажиллагааг зогсоох шаардлагагүй. Энгийнээр тайлбарлахад 12 давхар барилга барилаа гэж бодъё. Гэтэл хундаамыг нь цутгачихаад айлуудаа оруулах гээд байгаатай яг адилхан зүйл болчихоод байна. Өмнө нь Н.Гантөмөр даргатай Авто форумын үеэр уулзахад “Аравдугаар сарын 1-нийг л хүлээ. Бид ажлаа шахаж байна” гэсэн.
Хэрвээ Авто цогцолборыг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй бол бид яах вэ, бизнес эрхлэгчид хохирох юм биш үү гэж асуусан. Гэтэл өнөөдөр ийм байдалд хүрчихлээ. Захыг нээтэл бид эсэргүүцлээ үргэлжлүүлнэ” гэсэн юм. “Да Хүрээ” авто зах нь дотроо олон хэсэгтэй. “Мөнгөн хүлэг, “Дизель хөдөлгүүр” захад худалдаа эрхэлдэг 600 гаруй хүн байдаг гэнэ. Өчигдөр “Мөнгөн хүлэг” захын үйл ажиллагааг зогсоосон байв. Тус захын наймаачид “Хуулиа тийм сайн баримталдаг юм бол авто захуудыг бүгдийг нь хаах ёстой. Бид 22-ын товчоо руу нүүхгүй гээгүй. Одоо очъё гэхээр тэнд банк, нотариат байтугай хоол идэх газар, бие засах өрөө ч алга. Зүгээр л улаан шороо манарсан энхэл донхол газар байна лээ. Ажиллах орчин нөхцөл нь бүрдсэн бол хамаа алга. Ийм байж биднийг хохироож болохгүй. Дээрээс нь түрээслэгчдээс зогсоолын мөнгө гэж дөрвөн сая төгрөг авна гэж байгаа. Боломжтой нь ч яах вэ өгсөн байх. Бид мэтийн хуучин машин зардаг, эргэлтийн 10-хан сая төгрөгтэй хүмүүст талбай худалдаж авах мөнгө хаана байх билээ” гэж ярив.

Төлөвлөснөөр бол Авто худалдааны төвийн эхний ээлжийн бүтээн байгуулалт буюу авто зогсоолын дөрвөн талбайг өчигдөр ашиглалтад оруулах ёстой байв. Нийт 6300 машин тавих боломжтой дээрх хэсгийн бүтээн байгуулалт өдгөө 30-40 орчим хувьтай явж байгаа. Бодит байдал ийм байхад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто захуудыг хааж, бизнес эрхлэгчдийг хохироох нь байж боломгүй үйлдэл. Авто захын ченжүүд 22-ын товчоо руу нүүхгүй гэж жагсаагүй. Гагцхүү “Хугацаанд нь ашиглалтад оруулах ёстой байсан авто захыг нээсэнгүй, бидний эрх ашгийг хохироолоо” гэж ундууцаж байгаа аж.
О.БАТ-УНДРАХ