Оюутолгойн “Ханбумбат” нисэх буудал өчигдөр арилжааны анхны нислэгийг хүлээн авчээ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг тус нисэх буудал руу “Аэро Монголиа” компани Улаанбаатар хотоос долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн байна. Анхны нислэгээр “Ханбумбат”-ыг зорьсон төрийн өндөр албан тушаалтнууд, бизнесийн төлөөлөгчид говийн нутагт анх удаа, олон улсын стандартад нийцүүлэн байгуулсан нислэгийн зурвас замд бууж, нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. “Аэро Монголиа” компани Ханбогд сумд билетийн касс болон Төлөөлөгчийн газраа нээгээд байгаа бөгөөд Голланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай “Фоккер-50”онгоцоор үйлчлэх юм байна. “Энэхүү шинэ нислэгийн нээлт нь уурхайн дэд бүтцээ орон нутгийн ард иргэдтэй хамтран ашиглах Оюутолгойн хэтийн зорилтод хүрэхэд томоохон ахиц гарсныг харуулж байна” хэмээн “Оюутолгой” компани тодотгож байна. Ханбумбат, Улаанбаатар хоорондын чиглэлийн нислэгийг долоо хоногт хоёр удаа Лхагва болон Бямба гаригт хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН