Монголын нийслэлд 2000 оноос хойш тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэх болсон. Өндрөө булаалдан улам дээшилж буй барилгуудын чанар, аюулгүй байдал анхаарал татсан асуудлын нэг. Үүнийг нотолж, бас сануулга өгөх гэсэн мэт “Шангрилла Улаанбаатар” шатлаа. Энэ барилга 24 давхар. Ийм өндөр барилгад гарсан галыг унтраахад манай улсын онцгой байдлын албаны техник хэрэгсэл чамлагдаж байгааг хоёрхон хоногийн өмнө болсон үйл явдал харууллаа. Улаанбаатарт тун удахгүй үүнээс ч өндөр барилгууд сүндэрлүүлэхээр компаниуд зөвшөөрөл хөөцөлдөж байгаа. Тэгэхээр бид онцгой байдлын албаныхаа техник хэрэгслийг яаралтай сайжруулж, хэзээд бэлэн байх ёстой болж байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүүгээс тодрууллаа.
-Өндөр барилгад гарсан галыг яаж унтраах ёстой байдаг юм бэ?
-Олон улсын жишгээр бол есөн давхраас дээш өндөр барилгад гарсан галыг барилга доторх усан хангамжийн автомат системийг ашиглаж унтраадаг. Гал гармагц тэрхүү автомат систем өөрөө ажиллаж, ус шүрших ёстой. Түүнээс биш гал командын машины шатыг сунгаж, түүгээр тэр өндөр барилга руу усны хоолой оруулдаггүй.
-“Шангрилла”-д тийм систем байсан уу?
-Барилга дотор усан хангамжийн систем байсан. Гэхдээ бид аюулгүй байдлын үүднээс цахилгааныг нь тасалсан тул усан хангамжийн системийг нь ашиглаж чадаагүй. Гэхдээ манай гал сөнөөгчид усаар гачигдаагүй. Гал унтраах ангиудын машинтай ус хүрэлцээтэй байсан. Манай гал унтраах машинууд усаа 60 хүртэлх метрийн өндөрт шахах хүчин чадалтай. Гэтэл “Шангрилла” 80 метр өндөр. Тийм өндөр барилга руу усаа шахахад хамгийн дээд давхарт ус бага даралттай очсон. Хүчтэй насос шаардлагатай байсан. “Шангрилла” нийтдээ 25 давхар. Дороос харахад 22 давхар ч 22 дугаар давхрын дээвэр дээр гарахад тал хэсэгтээ дахиад гурван давхар барилгатай юм билээ. Тэнд асаж байсан галыг манай гал сөнөөгчид өөрсдийн хүчээр унтраасан.
-Манай галын машинуудын шат 35 метр урт гэсэн. Үүнээс урт шат байдаг уу?
-Дэлхийд 52 метр урт шаттай галын машин бий.
-Өндөр барилгын галыг унтраахад нисдэг тэрэг хэрэгтэй биз дээ?
-Гадаадын зарим орон 50, 60 давхар барилга руу нисдэг тэрэгнээс ус шахаж гал унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.
-Хэдэн жилийн өмнө Онцгой байдлын албанд нисдэг тэрэг авахаар улсын төсөвийн төсөлд тусгасан ч УИХ-ын Байнгын хороо дэмжээгүй. Түүнээс хойш дахиад энэ асуудлыг тавьсан уу?
-Тухайн үед улсын төсөвийн хөрөнгөөр нисдэг тэрэг авах боломжгүй гэсэн тул нисдэг тэрэгтэй болж чадаагүй. Ер нь онцгой байдлын алба 1-2 нисдэг тэрэгтэй болохоор хэтийн төлөвтөө тусгачихсан байгаа. Аврах, гал унтраах үйл ажиллагаанд ашиглах зориулалтын, тусгай тоног төхөөрөмжтэй нисдэг тэрэг авна. Зориулалтын бус нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Гал унтраах зориулалтын онгоц Ой хээрийн түймэр гарлаа гэхэд тухайн орчны агаар маш их халсан байдаг учраас зориулалтын бус онгоцоор ус цацахад түвэгтэй. Эргээд онгоцны аюулгүй байдал хөндөгдөнө. Гадаадад бол далайгаас усаа соруулчихдаг том том онгоцнууд бий.