Улсын ургацын баланс гараагүй, ургац хураалтын ажил ид дундаа явж байх үеэр "Улаанбаатар гурил" компани ОХУ-аас их хэмжээний улаан буудай импортоор оруулж ирсэн талаар Үр тариа газар тариалан эрхлэгчдийн холбоо болон Монголын газар тариалангийн холбооноос мэдэгдлээ. Уг улаан буудай нь удаан жил хадгалагдсан, хортон шавьж бүхий чанар байдал алдагдсан, хүнсэнд хэрэглэхэд тохирохгүй бөгөөд хорио цээр, гааль хяналтын ямар ч шинжилгээ хийлгэхгүйгээр хашаандаа оруулж буулгаж ирсэн гэдгийг Монголын Үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг хэллээ.
Тэрээр “Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж импортоор будаа оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй, тэгэхгүй бол үндэсний үйлдвэрлэгч тариаланчдаа унагаах болно гэж анхааруулж байсан. Гэтэл ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон Улаанбаатар гурилын эзэн Ц.Баатарсайхан нар хуйвалдан мөнгө, эрх мэдлээ хэтрүүлэн хямд үнэтэй будаа гэж хүнсэнд тохирохгүй улаанбуудайг хууль зөрчин оруулж байгааг шалгуулах хүсэлтэй байна” гэлээ.
Тэд үүний улмаас тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, талбай дээрээс нь хурааж аваагүй байхад улаан буудайны үнийг унагааж байгаа хэмээн үзэж байна

М.Болор