Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасан. Энэ дагуу уг албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах салбар комиссыг нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан юм. Сонгон шалгаруулалтад зургаан хүн материалаа ирүүлснээс ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг дөрвөн хүн хангасан байна. Тэднээс хууль, эрх зүй, ерөнхий эрдмийн шалгалт авахад Чойжанцангийн Болдбаатар, Дамбийнямын Цэрэндорж нар тэнцжээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байгаа бөгөөд дээрх нэр дэвшигчид эрүүл, аюулгүй Улаанбаатарын төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэр дэвшигчдийн хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулсан аж. Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад иргэдийн санал, үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс өнөөдрөөс эхэлж буй сонгон шалгаруулалтын санал асуулгад идэвхтэй оролцож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, саналаа өгөөрэй. Таны саналыг энэ сарын 8-ны өдрийг дуустал www.ulaanbaatar.mn сайтаар авна. Санал авах ажиллагааг шударга байлгах зорилгоор мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа нэр дэвшигчдийн нэрийг нууцалж, А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Нэр дэвшигчдийн халз ярилцлага, мэтгэлцээн энэ сарын 5-ны 21.00 цагт UBS телевизийн байранд болно.