“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК уул уурхай металлургийн цогцолбор үйлдвэр болохоор төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөний хүрээнд үйлдвэрийнхээ дэргэд барьж байгаа төмрийн хүдрийн нойтон соронзон баяжуулах үйлдвэрийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн барилгыг бариад дуусаж байгаа агаад одоо цахилгааны өргөтгөл, хаягдлын далангийн ажил хийж байна. Нойтон аргаар баяжуулсан баяжмал нь шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох юм. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулахаар Финландын “Outotec”, Японы “Kobe Steel” компанийн технологийг судлан, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж эхэлжээ. Металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Канадын “Hatch” компани энэ ажлыг хийж байгаа аж. Үүний дараа нарийвчилсан ТЭЗҮ хийх юм. Ангижруулсан төмрийн үйлдвэрээ ойрын дөрвөн жилд барьж, ашиглалтад оруулаад цувих хэсэгт нэмэлт шугамууд тавихаар зэхэж байна. Одоо ашиглаж буй шугамууд нь 20 жил болсон, их засвар хийгээгүй гэнэ.