Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх энэ сарын 1-нд Барилга, хот байгуулалтын яаманд 1/2979 албан тоот илгээн, “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардлаа. Уг шаардлагад “2014 оны нэгдүгээр сарын 7-нд “Макс өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн гүйцэтгэж байсан оффис, зочид буудлын барилга дээрээс дүүжин өргүүрийн нэг талын тулгуур хөндөл төмөр автомашин дээр унаж, хүний амь хохироосон. “Илсон деволопмент” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “True-L” орон сууцны хотхоны барилгын тухайлсан объектын тусгай зөвшөөрлийг танай яамнаас 2014 оны тавдугаар сарын 21-ний 2/1725 тоот албан бичгээр дэмжиж үйл ажиллагааг нь үргэлжлүүлснээр эрдэнэт хүний амь нас дахин хохирсон. “Макс өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын гуравдугаар давхраас хүн унаж, хүнд гэмтсэн ослууд удаа дараа гаргаад зогсохгүй “Камдер” ХХК-ийн захиалгаар “Зуншин”-гийн барьж буй орон сууцны барилгад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангуулах түр байгууламж, хайс хамгаалалтыг шаардлагын хэмжээнд хүртэл хийгээгүй зөрчлүүд илэрсэн бөгөөд МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоосон болно” гэжээ.