Хаа хамаагүй байшингийн булан тохой, байгууллага, аж ахуйн нэгжийн ойролцоох зогсоолыг гинжээр хашчихаад амандаа орсон төлбөр нэхдэг хүмүүс бий. Тухайлбал, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн урд талд “Пума империал” зочид буудал, Олон үндэстний хоолны газрын хоорондох жаахан зайг нэгэн хүн гинжээр хаагаад 30 миниут тутамд 2000 төгрөгийн төлбөр авдаг. Энэ мэт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй автомашины төлбөртэй зогсоолуудыг журамлахаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл А/841 дугаар захирамж гаргав. Уг захирамжийн дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран үзлэг шалгалт хийх юм.