О.Бат-Ундрах
“Мөнгөн гүүр” эмнэлгийн захиргаанаас энэ оны наймдугаар сарын 5-нд Түлэнхийн төвд шаардлага хүргүүлж, “Аравдугаар сарын 1 гэхэд байраа суллаж өгнө үү. Цаашид бид үйл ажиллагаагаа өөрчлөх болсон” гэжээ. Үүний дагуу эмч, мэргэжилтнүүд нь Эрүүл мэндийн сайдад түрээсийн төлбөрийг нь нэмээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, өөр газар түрээслэх, дотоод нөөц бололцоогоо дайчлан ГССҮТ-ийн байранд оруулж өгөх гэсэн гурван нөхцөл санал болгожээ. Салбарын яамны удирдлагууд ГССҮТ-ийнхөнтэй зөвлөлдөж, төв байрандаа оруулах шийдвэрт хүрсний дагуу тэд буцаад Гэмтлийн эмнэлэгтээ байрлахаар боллоо.
Өдгөө ГССҮТ 80 ортой Түлэнхийн тасаг байгуулан, өрөө тасалгаа гаргаж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байгаа аж. Түлэнхийн төв 64 ажилтантай, 80 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Олон газар нүүсэн, техникийн шинэчлэл хийгээгүйгээс Түлэнхийн төвийн зарим тоног төхөөрөмж, эд хогшил нь муудсан тул шинэчлэх шаардлагатайг эмч нар ярьж байна. Тэд “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн төлбөрт сар бүр 28 сая төгрөг төлдөг байсан. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэрбум гаруй төгрөгийг зөвхөн түрээсэнд хийсгэжээ.