Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох Цэвэр агаарын сан, “Улаанбаатар цэвэр агаар” төсөл, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран “Сайжруулсан зуух-2014” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулах эл хөтөлбөрийн нээлт өчигдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Нээлтэд БОНХ-ийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд, “Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Ц.Оюунтунгалаг нар оролцлоо.
Хөтөлбөрийг нээж БОНХ-ийн сайд С.Оюун “Өвөл болохоор хамгийн тулгамдсан асуудал агаарын бохирдол болдог. Жил болгон агаарын бохирдол, нарийн ширхэгтэй тоос тоосонцор 20 орчим хувиар буурдаг ч агаарын бохирдол тулгамдсан асуудал хэвээрээ байна. Бусад улс орнууд түүхий нүүрсээ болиод гаазын хэрэглээ рүү шилжин агаарын бохирдлоо бууруулж байгаа туршлага байдаг. Манай улсад тийм боломж хараахан байхгүй байна. Бидний богино, дунд хугацааны шийдэл бол зуух, түлшээ сайжруулах арга юм. Сайжруулсан зуухыг иргэдэд хөнглөлттэй үнээр хүргүүлж байгаа. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал” гэж ярилаа.
Өнгөрсөн жил гурван төрлийн зуухыг иргэдэд санал болгож байсан бол энэ жил найм болгож өргөжүүлснийг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ онцолсон юм.
Энэ жил 15000 орчим зуухыг нэмж тараахаар төлөвлөөд байгаа юм байна. Өнгөрсөн жил төрөөс 93 хувийн татаас төлдөг байсан бол 66 хувь болгон буулгаж байгаа аж.
“Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболдоос зарим зүйл тодрууллаа
-Иргэдийн хэрэглээд сурсан зуухны үнэ энэ жил өндөр байна гэж иргэд хэлж байна?
“Өнгөрсөн жил 29700 ширхэг зуухыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 92 хороонд борлуулж үйлчилсэн. Энэ жил “Улаанбаатар цэвэр агаар төсөл” 15300 ширхэг зуух тараана. Зургаан компанийн найман төрлийн зуухаар иргэдэд үйлчилнэ. Түрүү жил зуухын үнийн 450 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, иргэд зуухаа 30 мянган төгрөг төлөөд авч байсан бол, энэ жил иргэд 34 хувийг төлж байгаа. Төр засгаас 66 хувийг татаасанд төлж байна. Ингэхээр зарим зуухны үнэ нь 200 мянган төгрөг боллоо. Түрүү жил 90 мянган хүн зуух авна гэж нэрээ өгсөн ч 29000 өрх л авсан. Иргэд энэ тал дээр их хойрго хандаж байна” гэв. Зуухны үнэ 17500-аас 200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
М.Болорцэцэг