Дэлхийн багш нарын 20 дахь өдөр, Монголын багш нарын 48 дахь өдрийн баяраар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарлаа. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн бие даасан бүтээлч үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, багш, хүүхэд бүрт хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажилласан хэмээн ийнхүү Боловсролд ээлтэй Засаг даргаар тодруулснаа нийслэлийн Боловсролын газрын дарга энэ үеэр өгүүлсэн.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар гурав, 32, 58, 115 дугаар цэцэрлэг, 84, 111 дүгээр сургуулийн их засварыг 408.700.000 төгрөгөөр хийлээ. Мөн 33 дугаар сургуульд усан бассейн бүхий спорт заал барихаар төлөвлөсөн. Дүүргийн дөрөв, долоо, 21, 28 дугаар хороонд 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн 4.4 тэрбум төгрөгөөр дэвшилт технологи бүхий дөрвөн цэцэрлэг барин, эхнээс нь ашиглалтад оруулж байна. Түүнчлэн 2015 онд дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын саналд хэд, хэдэн сургууль, цэцэрлэгийн их болон дээврийн засварын ажлыг оруулж, 14 дүгээр сургуулийн хуучин барилгыг нурааж, шинээр барих санал БШУЯ, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн” гэлээ.