Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг зүүн бүсийн аймгуудад ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн иргэдэд хүний эрхийн чиглэлээр сургалт явуулж, өргөдөл гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөн, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, эрхээ хамгаалахад туслах, тухайн орон нутгийн удирдлагын зүгээс олон нийтэд хандаж гаргасан тогтоол, захирамж нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг шалган, үнэлэлт дүгнэлт өгчээ.
Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий Хүний эрхийн үндэсний комисс нь хөдөөгийн иргэдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, хүний эрхийн нээлттэй өдөр цогц арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг. Түүнчлэн тус комисс Засаг дарга болон Тамгын газар, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг төрийн байгууллагын албан хаагчдад хүний эрхийн сэдвээр уулзалт, ярилцлага, сургалт зохион байгууллаа.