УИХ-ын өнөөдөр болсон чуулган дээр Ерөнхий сайд "ЭЗЭН-100" хөтөлбөрийн үр дүнг гишүүдэд танилцуулсан юм. Таван толгойн уурхайн газар дор нүүрсний давхаргын буюу ОХУ-аас БНХАУ-руу нийлүүлэх гэж буй хийтэй найрлагын хувьд ойролцоо хий илрүүлсэн, нүүрсний экспорт 2.6 сая тонноор, зэсийн экпорт хоёр дахин нэмэгдэж, энэ сараас арматурын үйлдвэр нээгдэнэ, Алтанбулагийн чөлөөт бүс үүд хаалгаа нээсэн гэх мэтээр Ерөнхий сайд хийсэн гэсэн ажлуудаа тайлагнасан ч үр дүнгийн талаар түүний тараасан материал гишүүдийн ундууцлыг хүргэсэн юм. Эдийн засгийг эрчимжүүлнэ гэж байхдаа 100 хоногт хийнэ гэж санал болгосон ажлынхаа 60 гаруй хувийг огт хийгээгүй дээр бизнес эрхлэгч, хувиараа аж ахуй эрхлэгчдийн хийсэн болон Засгийн газрын хийгээгүй ажлуудын жагсаалтыг оруулж ирсэн нь ийнхүү гишүүдийг бухимдуулсан юм. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, Су.Батболд, Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, А.Тлейхан, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Л.Энх-Амгалан нар асуулт тавьж Ерөнхий сайд болон Ажлын хэсгээс хариулт өгсөн. Гишүүдийн хэлсэн санал, асуултыг товч хүргэвэл:
О.Содбилэг: Спортынхны гаргаж байгаа амжилтуудаас өөр сайхан мэдээ мэдээлэл сонсогдохгүй байна. Иргэдийн амьдрал болж бүтэхгүй, хөрөнгө оруулагчид оруулсан мөнгөө хэрхэн алдагдал багатай гаргаж аваад Монголоос явах вэ гэдгээ бодож байна. Тайлангаас "ЭЗЭН-100"-гийн үр дүн гэх олигтой зүйл харагдахгүй байна. Хууль батлаад ч итгэл байхгүй болохоор үр дүн алга.
Су.Батболд: Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь эдийн засаг ямар байгааг тодорхой харуулах хамгийн гол жишээ. Уурхайнуудад ажиллаж байсан залуус хэдэн мянгаараа буцаж байна. Сонины заруудыг хар. Тэнд тийм үл хөдлөх, ресторан, барааны дэлгүүр зарна гэсэн зар хаа сайгүй байна. Ийм ширэн нүүрлэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй.
Ж.Энхбаяр: Монгол Улсын Засгийн газрын бүх үнэлэмж, үзүүлэлт гадны орнуудад унасан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10-60 хувь өсөж, ажилгүйдэл нэг жилийн дотор 14 хувиар өссөн. Ерөнхий сайд дотоодын зах зээлийг гурилаар бүрэн хангана гэсэн хэрнээ яг одоо Сэлэнгийн хилээр 80 мянган тонн буудай оруулж ирж байна. Энэ ямар зорилготой хийж байгаа ажил вэ? Ч.Хүрэлбаатар: төсвийн орлого энэ оны эцэс гэхэд нэг их наядаар тасарна. Их наяд гэдэг 1-ийн ард 12 тэгтэй тоо шүү дээ. Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.доллараар алдагдалтай, улын нийт өр ДНБ-ий 65.6 хувьд хүрч, чанаргүй зээлийн хэмжээ 40 хувиар өслөө. Одоо алдаагаа засаж, бодлогоо зөв тодорхойлохгүй бол эдийн засаг ирэх хагас жилд улам доройтно. Энэ мэтчилэн "ЭЗЭН-100"-гийн талаар УИХ-ын гишүүд саналаа хэлж, хүссэн асуултдаа хариулт авёны дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-лын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Р.Оч