Засгийн газрын шинэ бүтцийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Засгийн газрын шинэ бүтцийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей нар танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөрийн яамыг нэгтгэх талаар болон төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа асуудлыг хөндсөн юм. 2012 онд 150 мянган хүнтэй байсан төрийн алба өнөөдөр 181 мянга болж данхайсныг тэрбээр хэлсэн. Ерөнхий сайд энэ тоонд эргэлзээтэй байгаа тул ирэх оны төсвийг авч хэлэлцэхээс өмнө тарийн албан хаагчдын тоог тодорхой болгохыг Ч.Улаан болон С.Эрдэнэ сайд нарт үүрэг болгохоо хэлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хүчирхийллийн аргаар төр барьсны үр дүн энэ шүү дээ. Хожуу ч гэсэн ойлгож байгаа нь сайн хэрэг. Эцэстээ ухаалаг автобусаар л дуусаж байх шиг байна. Би сайд байхдаа 175 тэрбум төгрөгийн төсөвтэн байсан бол Х.Тэмүүжин 350 тэрбумын төсөвтэй байна. Хамгийн гол нь энэ хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн чинь үр дүн юу байх юм бэ? Гадаад харилцааны сайд шадар сайд гэдэг гуншинтай болж байгаа юм байна. Өвөрмонголын бөхчүүд барилдахдаа хадаг зүүдэг шиг гадаад харилцааны сайдад шадар сайд гэдэг нэр ямар хэрэгтэй юм бэ. Тэгээд Тэрбишдагвыг тэргүүн шадар сайд болгож, цэнхэр хадгыг нь улаанаар будаж байгаа юм байна л даа. Ингэлээ гээд дараа нь шатаах хадаг л нэмэгдэнэ шүү дээ. Явж явж УИХ-ын гишүүд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн энэ байдалд хүрсэн шүү. Мууг нь таслан зогсоогоод сайныг нь дэмжсэн бол ийм байдал үүсэхгүй байх байсан. Тиймээс УИХ өөрийгөө толинд харах цаг болсон. УИХ-ын алба гэхэд 300-400 хүнтэй ордонд багтахгүй болсон. Намайг УИХ-ын дарга байхад 100 орчим л хүн байсан. Увс аймгийн Малчин сум ойн нэг цагдаатай байсан чинь өнгөрсөн жил намайг очиход дөрвөн цагдаатай болчихсон, нөгөө хэд нь хийх юмгүй, ойд тамхи татаад сууж байгаа юм. Энэ данхайсан бүтцээ өөрчлөхгүй бол нэмэргүй.
УИХ-ын гишүүн Д.Зоригт: Засгийн газрын үйл ажиллагааны бодит бүтээн байгуулалтыг хийж байгаа яамдыг нийлүүлж байгаа нь буруу гэж үзэв. Жил есөн сарын үлдсэн хугацаанд шинэ хүмүүс томилогдож, ажилтайгаа танилцаж, шинэ бодлого гаргана. Ингэснээр цаг алдаж, хурд саарна. Эцэст нь Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Өмнө нь яамдыг салгаж буцаан нийлүүлж байсан. Иймээс Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснээр шинэ үр дүнд хүрэхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Иргэд олон нийтийн зүгээс дэд бүтэц, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, орон нутагт олон оношилгооны төв байгуулсан явдлыг сайшааж байгаа ч нөгөө талаар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, инфляци, валютын ханшны өсөлтийг бууруулах, олон арван аж ахуйн нэгж үүдээ барьж байгаад анхаарал хандуулах, бизнесийн орчныг тогтвортой болгох, тэтгэвэр тэтгэмж цалинг нэмэгдүүлж ажиллахыг хүсч байна гэсэн юм.
Ингээд гишүүд асуулт асууж хариулт авсны дараа тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж УИХ-ын гишүүн С.Баярцогт, О.Баасанхүү , дэмжихгүй байгаагаа илэрхийлж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл нар үг хэллээ. Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 52 гишүүн зөвшөөрч 82.5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Р.Цэцэг
Р.Цэцэг