Европын цөмийн судалгааны байгууллага болон Монгол Улсын Засгийн газар хооронд Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгожээ. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. Түүнчлэн Монголын судлаач, инженер, техникийн ажилтнууд тус байгууллагын судалгааны төслүүдэд урт хугацаанд оролцох боломж бүрдэх юм. 1954 онд байгуулагдсан, их энергийн физикийн судалгаагаараа дэлхийд тэргүүлж, шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад ихээхэн хувь нэмэр оруулдаг Европын цөмийн судалгааны байгууллагад 4000 орчим ажилтан өдөр тутам судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг байна.